Удирдлагуудын мэдвэл зохих санхүүгийн тайлан болон татварын тайлангийн 3 ялгаа
Татварын тайлан нь тухайн улсын татварын хуулийн дагуу орлого, зардал, ашгаа тайлагнаж, төлөх татвараа тооцоолж, тайлагнахын тулд бэлтгэдэг. Манай улсын хувьд Монгол Улсын татварын хуулийг хэрэгжүүлж, татвар төлөх үүргээ гүйцэтгэх, олсон ашгаасаа илүү ч үгүй дутуу ч үгүй төлөх татварын дүнгээ зөв тооцоолж гаргахын тулд Аж ахуй нэгжийн орлогын албан татвар/ААНОАТ/-ын тайланг гаргаж илгээдэг.
Санхүүгийн тайлангийн тоон үзүүлэлтүүд нь бизнесийн зорилгоор шийдвэр гаргахад мэдээлэл өгөх зорилготой. Санхүүгийн тайланг Монгол Улсын НББ-ын тухай хуулийн 4.1-д зааснаар Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт /СТОУС/-ын дагуу бэлтгэхийг шаарддаг. Дэлхийн 190 гаруй улсад СТОУС-ын дагуу санхүүгийн тайлангаа толилуулж, хоорондоо бизнесийн хэл болгон ашигладаг.
Ингэхээр санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх нь зорилгоороо, баримтлах эрх зүйн хэм хэмжээгээрээ, илэрхийлж байгаа мэдээлэл зэргээр хоорондоо анхнаасаа ялгаатай тайлангууд юм.
Санхүү болон татварын тайлан шууд ялгагдах хамгийн чухал 3 ойлголтыг танилцуулъя:
Санхүүгийн тайлангийн орлого ≠ Татварын тайлангийн орлого
Санхүүгийн тайланд СТОУС-ын дагуу орлогын дүнг тооцож тавьсан , харин татварын тайланд татварын хуулийн дагуу орлогыг тооцоолдог. Санхүүгийн тайлангийн орлогын дүнд танай бизнест хуулийн дагуу татвар төлөхгүй чөлөөлөгдөх орлого, тусгай хувь хэмжээтэй орлого байгаа эсэхийг үл харгалзан татварын өмнөх ашгийн дүнг тооцоолдог.
Жишээ-чөлөөлөгдөх орлого: Нийт орлого 800 сая, үүнээс 150 сая нь ЗГ-ын бондын хүүгийн орлого, зардал 520 сая байсан гэж үзье. Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг /ТӨА/ 380 сая бол татварын тайлангийн ашиг буюу татвар ногдуулах орлого/ТНхО/ 230 сая болж байна. /(800 сая-150 сая)-520 сая= 230 сая/
Жишээ-тусгай хувь хэмжээтэй орлого: Нийт орлого 900 сая, үүнээс 220 сая нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого, зардал 400 сая байсан гэж үзье. Санхүүгийн тайлангийн ТӨА 500 сая, татварын тайлангийн ТНхО 280 сая. /(900 сая-220 сая)-400 сая= 280 сая/
*ААНОАТ 20.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод нийт борлуулалтын дүнгээс 2 хувиар, харин нийтлэг ТНхО-с 10-25 хувиар татвар төлдөг.
Санхүүгийн тайлангийн зардал ≠ Татварын тайлангийн зардал
Дээрхтэй адил санхүүгийн тайланд СТОУС-ын дагуу зардлын дүнг тооцож тавьсан бол татварын тайланд татварын хуулийн дагуу зардлын дүнг гаргадаг. Санхүүгийн тайлангийн зардлын дүн нь бизнест хуулийн дагуу хасагдахгүй зардал, хязгаарлалт бүхий зардал байгаа эсэхийг харгалзахгүйгээр татварын өмнөх ашгийн дүнг тооцоолсон байдаг.
Жишээ-хасагдахгүй зардал: Нийт орлого 800 сая, нийт зардал 520 сая , үүнээс зарлагын баримттай боловч и-баримтгүй зардал 150 сая байсан гэж үзье. Санхүүгийн тайлангийн ТӨА 280 сая, татварын тайлангийн ашиг буюу ТНхО 430 сая байна./800 сая-(520 сая-150 сая)= 430 сая/
Жишээ-хязгаарлалт бүхий зардал: Нийт орлого 900 сая, нийт зардал 400 сая , үүнээс албан томилолтын зардал 80 сая байсан гэж үзье. Санхүүгийн тайлангийн ТӨА 500 сая, татварын тайлангийн ашиг буюу ТНхО 430 сая байна./900 сая-(400 сая-60 сая)= 560 сая/
“ААНОАТ 13.2.2.албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх” гэж заасны дагуу татварын тайлангаар хүлээн зөвшөөрөх албан томилолтын зардал нь 60сая гэж үзвэл үлдсэн 20сая нь хасагдахгүй зардал болно.
Санхүүгийн тайлангийн ашиг ≠ Татварын тайлангийн ашиг /Татвар ногдуулах орлого/
Дээрх жишээнд санхүүгийн тайлангийн орлого болон зардал нь татварын тайлангийн орлого болон зардалтай шууд утгаараа тэнцдэггүй ялгаатай байдгийг тайлбарлалаа. Иймээс орлогоос зардлыг хасч гардаг “ашиг” гэдэг үзүүлэлт нь мөн тэнцэхгүй болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг , татварын тайлангийн татвар ногдуулах орлого 2 нь ялгаатай ойлголт юм. Санхүүгийн тайлангийн ТӨА танай бизнесийн үйл ажиллагааны ашгийг илэрхийлдэг бол татварын тайлангийн татвар ногдуулах орлого нь ямар дүнгээс тооцож татварын өглөг гарч байгааг илэрхийлдэг*.
/*нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого, тусгай хувь хэмжээгээр ногдуулсан татвар, суутган татвар нь ялгаатай ойлголт бөгөөд мэдээлэл өгөх зорилгоор нийт агуулгаар нь тайлбарласан болно./
Хариулт үлдээх